2014 оны 9 дүгээр сарын 20   
  Хайх    
 Дэлгэрэнгүй    
МУИС-ийн номын санд шинээр 65 төрлийн ном ирлээ

МУИС-ийн номын санд энэ оны 2-3-р сарын фондны баяжилт хийгдэж, 65 төрлийн 554 ширхэг шинэ ном ирлээ. Үүнээс 163  нь эрдэм шинжилгээний фондод хуваарилагдсан бөгөөд , 99  нь байгалийн ухааны, 292 нь нийгмийн ухааны салбарынх юм байна. Эдгээр номын танилцуулгыг доорх хавсралтаар хүргэе.

 БАЙГАЛЬ ШИНЖЛЭЛ

Монголын байгаль орчны нэвтэрхий толь /Б.Чадраа, О.Сүхбаатар. –УБ.: 2010. -355х.

Монголчууд уул ус, газар шороогоо асралт эх, одот тэнгэр юугаа авралт эцэг гэж дээдлэн шүтэж, хайрлан хамгаалан эх орноо дээдэд өргөн тавьж ирсэн баялаг уламжлал сё заншилтай билээ. Энэ номонд байгаль дэлхийн хүний амьдралд холбоотой өргөн уудам ойголтуудыг түүвэрлэн авч оруулсан ба  орчин үеийн хууль эрх зүй, холбогдох ойлголтууд, хор хөнөөл, аюул, байгалиа хамгаалах арга зам, шүтлэг тахилгатай газруудын нэр усыг дэлгэрэнгүйгээр тусгажээ. Мөн 2000 орчим өгүүлэл, 250 орчим тайлбар гэрэл зураг, 15 хавсралт зургийг оруулжээ.

20.1я2

М-69                                          /Лавл-1ш/                                         Т-14310

 

Дашдорж Ц. Дээд алгебр- I-IV: Их сургуулийн математикийн цуврал. –УБ.: Адмон.

МУИС-ийн онолын математикийн ангийн оюутнуудад зориулсан энэ цуврал номын I,II-дугаарт алгебрийн системүүд, шугаман алгебр, олон гишүүнтийн алгебр, комплекс тоо, Ш-IV-дугаарт алгебрийн өргөтгөл, галуагийн онол, коммутатив цагирагийн өргөтгөл, төгслөг бүлгийн шугаман дүрслэл зэрэг сэдвүүд тус тус оржээ.

22.14я73                  /БШУН унш-3ш/       Дээд алгебр- I,II.  -192х.     Т-14402-14403

Д-39                                                            Дээд алгебр- Ш-IV. -120х.  Т-14404-14406

 

Дэмбэрэл Л. Ерөнхий физик: Механик /Ред. Г. Шилагариди. – УБ.:  2010. – 198 х.

    Энэ хоёр дахь удаагийн хэвлэлдээ агуулгыг нь хэвээр үлдээж, зарим нэг алдааг засч, физикийн хуулиудын тодорхойлолт, томъёололыг дахин хянаж, математик томъёоны бичлэгийг стандартын дагуу болгон өөрчлөлт хийжээ. Уг сурах нь уншигчдад ойлгомжтой тул их, дээд сургуулиудын физикийн болон инженерийн мэргэжлээр сурч байгаа оюутнуудад зориулжээ.

22.3я73                                           /БШУН унш-7ш/                           Б-20455-20457

 

Туваанжав Г. Монголчуудын нээлт бүтээл ба усны чанар судлал /Ред. Ч.Жавзан, Д.Мөнхзул. – УБ.: Ундрага принт, 2011. – 224 х.

    Өнөөдөр дэлхийн уур амьсгалын дулаарлаас үүдэн цас мөс хайлж, байгалийн тэнцвэрт харьцаа алдагдаж элдэв сүйрэл гамшиг газар авч байгаа билээ. Тиймээс хүн төрөлхтөн ялангуяа монгол түмэн юуны түрүүнд байгаль орчин, түүний эмзэг нарийн тэнцвэрт тогтолцооны тухай өөрсдөө төдийгүй хойч үеийхэндээ ойлгуулах цаг үе нь иржээ. Иймд энэхүү номдоо байгалийн элдэв үзэгдэл явцыг гярхай ажиглаж шинжлэх ухааны нээлт бүтээл олныг гаргаж байгальтай зөв зохистой харьцаж тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр ашиглаж байсан монгол түмнийхээ уламжлалт соёлт хэрэглээ заншлын талаар мэдэж дуулснаа баримтжуулан байгаль орчин судлаач нийт уншигчиддаа толилуулж байна.

26.22/1/

Т-70                                                  /БШУН унш-4ш/                        Т-14345-14346  

 

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Аялал жуулчлалын маркетинг: Сурах бичиг /Орч. А.Цэнгүүнжаргал. – УБ.: 2010. – 194 х.

    Энэхүү аялал жуулчлалын сурах бичгийг орос хэлнээс орчуулан гаргажээ.Тус сурах бичигт аялал жуулчлалын зах зээлийн тодорхойлолт, маркетингийн ерөнхий онолууд, харилцааны иж бүрдэл, аялал жуулчлалд дахь төрийн нөлөө ба аялал жуулчлал бусад салбарт нөлөөлөх нь, бизнесийн зохион байгуулалт ба хөгжил, ажил хэргийн аялал жуулчлал, олон улсын аялал жуулчлал гэх зэрэг асуудлуудыг авч үзжээ.

26.8гя73

А-98                                                 /БШУН унш-7ш/                          Б-20421-20423   

 

Аялал жуулчлалын онол, практик, технологийн асуудал: цуврал №5 /Ред. Л. Баясгалан. – УБ.: Содпресс, 2010. – 174 х.

    Энэхүү ном нь аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн асуудлаар сүүлийн үеийн шинэлэг мэдээллийг агуулснаараа онцлог бөгөөд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний мэргэжлээр суралцаж буй оюутан, багш, судлаачид, тухайн салбарын бизнес эрхлэгчдэд онолын төдийгүй практик ач холбогдолтой бүтээл болж өгчээ.

26.8г

А-98                                              /БШУН унш-3ш/                            Б-20312-20313

 

Пржевальский Н. Монгол, Тангад нутгаар /Орч. Ж. Нэргүй. – УБ.: Жиком пресс, 2010. – 406 х.

    Нэрт аялагч, байгаль судлаач, газар зүйч Н.М.Пржевальский 1883-1886 онуудад Төв Азийн шинжилгээний дөрвөн аялал хийжээ. Эдгээр аялалынхаа явцад өмнө нь шинжлэх ухаанд мэдэгдээгүй байсан хавтгай, “Пржевальскийн адуу” гэдэг нэрээр мөнхөрсөн тахь, Түвэдийн баавгай болон өөр бусад маш олон тооны хөхтөн амьтад, мод, ургамлын төрөл зүйлүүд, газар нутгийг нээжээ. Тэрээр эрдэм шинжилгээний аялалуудынхаа үр дүнгээр “Ангуучны тэмдэглэлүүд”, “Амар мөрний хавийн газар нутаг”, “Амар мөрөн хавийн ястан үндэстнүүд”, “Уссурийн хязгаараар хийсэн аялал, “Кульжагаас Тэнгэр уулыг даван Лоб нуур хүрсэн минь”, “Монгол, Тангад нутгаар” зэрэг анхны бүтээлүүдээ туурвижээ. Түүний “Монгол, Тангад нутгаар” гэдэг энэхүү аян замын адармаатай, адал явдлаар дүүрэн гайхалтай сайхан хүүрнэлийг монголчууддаа хүргэж байна.

26.89/1/

П-74                                                /БШУН унш-7ш/                           Б-20418-20420

 

УРГАМАЛ СУДЛАЛ

   

Чанцалням Д. Ботаникийн цэцэрлэгийн нөхцөлд тарималжуулсан мод, сөөг ургамал /Хян. Г. Эрдэнэжав. – УБ.: Мастер принт, 2010. – 238 х.

    Энэ бүтээлдээ ботаникийн цэцэрлэгт мод, сөөг ургамлыг тарималжуулах, нутагшуулах судалгааны ажлын хүрээнд 66 зүйл, 12 сортын сөөг ургамал, 10 зүйл, 6 хэлбэрийн шүлмүүст мод, сөөгийн амьд цуглуулгыг бүрдүүлж, тэдгээрээс тарималжиж нутагших ирээдүйтэйг нь сонгож, үр болон ургал эрхтнээр үржүүлэх аргыг судлан, шалгарсан шинэ таримал ургамлыг ногоон байгууламжинд ашиглах боломж, тарьж арчлах аргыг багтаажээ.

28.5с

Ч-19                                                   /БШУН унш-7ш/                      Т-14211-14213 

 

УУЛ УУРХАЙ, НҮҮРСНИЙ ОРД

 

Пүрэвсүрэн Б, Даваажав Я, Эрдэнэчимэг Р. Монгол орны зарим томоохон ордын нүүрсний судалгаа /Ред. Ж.Нарангэрэл. – УБ.: Тоонот принт, 2010. – 212 х.

    Энэхүү судлаачдын бүтээлд монгол орны томоохон 10 ордын нүүрсний шинжилгээ, туршилт судалгааны олон жилийн үр дүнг нэгтгэн боловсруулж өгсөн нь онол практикт ихээхэн чухал ач холбогдолтой болж өгч байна. Нүүрсний чиглэлийн судлаачид төдийгүй нүүрсний бүхий л салбарт ажиллагсад энэ номноос сонирхолтой бөгөөд ашигтай мэдээллүүдийг олж авах болно.

33.31/1/

П-91                                                  /БШУН унш-2ш/                         Т-14347-14348

 

МАЛ АЖ АХУЙ

 

Хөгөлбөө Х. Монгол ардын мал маллах, эдлэх, эмчлэх уламжлалт аргууд: Тэргүүн боть /Ред. Н.Алтанхуяг. –УБ.: Мөнхийн үсэг, 2011. -408х.

Мал аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллагч мэргэжилтэн, уяачид, залуу малчдад ахмад малчдын туршлагаас суралцахад нь тусламж гарын авлага болох энэ номонд морь, тэмээ, үхрийг хэрхэн уналга эдэлгээнд хэрэглэх, монгол ардын мал эмчилгээний арга туршлагууд, уламжлалт мал эмнэлэг, малын өвчин эмгэгийг анагаах ардын өв соёл, малын эмч Х.Хөгөлбөөгийн эрдэм судлалын товчоон, түүний нийтлүүлсэн судалгааны зарим бүтээлүүд болон улс төрийн хэлмэгдүүлэлтэнд хэрхэн өртсөн тухай  өгүүллүүд тус тус оржээ.

45/1/

Х-54                                                                                                    Т-14378-14380

 

ЭРҮҮЛ АХУЙ

 

Колосова С. Сонгодог массаж /Орч. Ч. Алтангэрэл, Ред. А. Энхжаргал, Ж.Пүрэвхүү. – УБ.: Соёомбо принтинг, 2011. – 40 х.

    Эрт цагаас ихэвчлэн эмэгтэйчүүд энэхүү сонгодог аргаар биеэ арчлан, тордож иржээ. Клеопатрагийн домогт үзэсгэлэн төгс байдлыг нь хадгалж байхын тулд өдөр бүр анхилуун үнэрт тос түрхэн массажилдаг байж. Энэхүү номноос эрхэм бүсгүйчүүл та бүгд биеэ арчлах зайлшгүй шаардлагатай сонгодог аргуудыг мэдэж аваад өөрийнхөө гоо сайханд хандаарай.

53.54

К-61                                                  /БШУН унш-3ш/                         Б-20410-20411

 

Савельева Ю. Үе мөч өвдвөл яах вэ? /Орч. Ч.Алтангэрэл, Ред. А.Энхжаргал, Ж.Пүрэвхүү. – УБ:. Соёомбо принтинг, 2011. – 40 х.

    Артрит, артроз, ревматизм, остеохондроз зэрэг үе мөчний янз бүрийн өвчнөөр өвдөж шаналдаг болон түүнээс урьдчилан сэргийлэх гэсэн хүмүүст зориулагдсан энэ номноос эмчлэх, урьдчилан сэргийлэх, бие организмаа чийрэгжүүлэх, хялбар аргуудыг мэдэж авснаараа та өөрөө өөртөө тус дэм үзүүлэх болно.

54.18

С-12                                                 /БШУН унш-3ш/                         Б-20416-20417

 

Пирогов И. Түрүү булчирхайг эмчлэх /Орч. Ч.Алтангэрэл, Ред. А.Энхжаргал, Ж.Пүрэвхүү. – УБ.: Соёомбо принтинг, 2011. – 40 х.

    Сүүлийн жилүүдэд түрүү булчирхайн хавдраар өвчлөгсдийн тоо эрс нэмэгдэж байна. Энэ нь ихэвчлэн шээс дуслын замын эрхтний үрэвслийн үед өргөн хэрэглээтэй антибиотик ихэд хэрэглэснээс үүдэн гарч байна. Иймээс түрүү булчирхайн өвчлөлийг үл хайхран, антибиотикоор эмчлэхэд, шээсний сувгийн үрэвсэл /заг, хүйтэн хэлбэрийн өвчин/ бараг байхгүй болж, харин хажуугийн булчирхайнууд нь эдгэрэхгүй үлддэг байна. Энэ нь эх үүсвэр болдог аж. Ингэж он жилүүд улиран өнгөрөх бүрийд түрүү булчирхайн архаг үрэвсэл дээр нь хавдартай болгоход хүргэдэг байна. Уг номонд эрчүүдийг уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг орчин үеийн аргаар эмчлүүлэх талаар зөвлөж байна.

56.9

П-33                                                 /БШУН унш-3ш/                        Б-20412-20413

 

Савельева Ю. Хараа сайжруулах арга /Орч. Ч. Алтангэрэл, Ред. А.Энхжаргал, Ж.Пүрэвхүү. – УБ.: Соёомбо принтинг, 2011. – 40 х.

   Эрхэм уншигч та бүхэн энэхүү номноос нүдний хараагаа хэрхэн яаж хамгаалах, хараагаа муутгахгүй сайжруулах арга болоод  нүдний өвчнөө хэрхэн эмчлэх тухайг мэдэж авна уу.

56.7

С-12                                                  /БШУН унш-3ш/                           Б-20414-20415

 

ТҮҮХИЙН ШИНЖЛЭХ УХААН, УГСААТАН СУДЛАЛ

 

Академич Н.Ишжамцын бүтээл туурвил /Эмх. И.Саруул, Д.Шүрхүү. –УБ.: Бемби сан, 2010.

Монгол улсын Шинжлэх Ухааны гавъат зүтгэлтэн, академич Н.Ишжамц түүхийн шинжлэх ухаанд зүтгэх хугацаандаа шинжилгээний ном зохиол 40, эрдэм шинжилгээний өгүүлэл 200, сурталчилгааны өгүүлэл 20, шүүмж 50-иадыг бичиж 40-д зүйлийг редакторласан байна. Академич Н.Ишжамцын бүтээлийн эмхэтгэл болох энэхүү цуврал 2 дэвтрийн тэргүүн ботид: Монголын эрт, дунд үе ба орчин цагийн түүхийн судалгаа., Монголын нэгдсэн төр улсын судалгаа., Хятад судлал., дэд ботид Америк судлал, төрөлх нутаг Дорноговийн судлалтай холбогдолтой өгүүллүүд.,  академич Н.Ишжамцын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд тус тус оржээ.

63.3/1/               /НХШУН унш-7ш/    Тэргүүн дэвтэр. -372х.                Т-14349-14351

А-39                                                             Дэд дэвтэр. -250х.                Т-14352-14354

 

Норовням Б. Солонгосын нийгэм соёл /Ред. И. Пйөнрэ. –УБ.: Мөнхийн үсэг, 2010. -144х.

Монгол улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосноос хойш өдгөө 20 жил өнгөрчээ. Хоёр улсын харилцаа холбоо олон талаар өргөжин тэлж, солонгос судлалаар суралцах хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг харгалзан үзэж тэдэнд гарын авлага болгох зорилгоор толилуулж буй энэ номонд Солонгосын нийгэм, эмэгтэйчүүдийн нийгмийн амьдрал, хүүхэд залуучууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, байгаль орчин хамгаалалт, хаягдал болон химийн бодис, эрүүл мэнд ба нийгмийн хамгаалал, орон сууц, соёл урлаг, дуу хөгжим, үндэсний хувцас, гэрлэлт, оршуулгын ёс, тахил, буддын шашин, Хүнзийн сургаалийн талаар дэлгэрэнгүй бичжээ.

63.3/5Сол/

Н-74                                           /НХШУН унш-7ш/                               Т-14386-14388 

 

Баасанхүү А, Батмөнх Б. Монголын ойрадуудын соёл: ХIХ-ХХ зууны зааг үе /Хян. Л. Дашням, Б. Сувд, Б. Баяр. – УБ.: Ган принт, 2010. -  384 х.

    Ойрадууд нь Монгол угсаатан дотор өнө эртний баялаг арвин түүхтэй ястнуудын нэг юм. Монгол улсад ойрад монголчуудын гол цөм нь Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн нутагт аж төрж байна. Монголын ойрадуудын нутаглан сууж буй дээрх газар орны байгаль, газар зүйн байршил, тухайн ястны угсаа гарал, түүхэн замнал, нүүдэл суурьшил зэргээс үүдэн соёлын давтагдашгүй өвөрмөц шинж ч хадгалагдсаар иржээ. Энэхүү бүтээлд угсаа хамаадал, тархалт, эдийн соёл /хоол унд, гэр орон сууц, хувцас хунар, гоёл зүүсгэл, ардын гар урлал/, оюуны соёл /тод бичиг, түүний дурсгалууд, гэрлэлт, хуримлах ёс, ардын дуу хуур, хөгжим, бий биелгээ, тоглоом наадгай, баяр цэнгэл, ардын мэдлэг ухаан, билэгдэл, шашин шүтлэг/, ойрад монголчуудын соёлын харьцуулсан судалгаа /ойрадын соёлын нийтлэг, онцлог, ойрадын соёлыг бусад монголчуудтай харьцуулсан нь/ зэрэг асуудлуудыг тодруулан бичжээ.

63.5/1

Б-10                                                                                                         Т-14208-14210 

 

Дээлтэй Монгол: олон улсын эрдэм шинжилгээний хурлын товхимол. – УБ.: 2010. – 252 х.

    Энэхүү товхимол бол 2 дахь удаагийх нь болж байна. 2009 оны эрдэм шинжилгээний хурлыг “Дээлтэй Монгол” нэрийн дор Халимаг, Буриад, Түва, Өвармонгол, Монгол зэрэг монгол туургатнаа нэгтгэн олон улсын хурал зохион байгуулжээ. Энэ хуралд үндэсний хувцас судлалын Академи өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа “хувцасны хөгжил”, хувцасны хөгжлийн өнгөрсөн, өнөө гэдэг санаа онооны хүрээнд судлаачдын санал бодлыг солилцуулж, мөн монгол хувцасны тухайд судлаачид юу хэлж, юу хийж байгаа тухай өгүүлсэн ба мөн гадаадын судлаачдын бодол, үзэл санаа илэрхийлэл ч багтан оржээ. 

63.5/1/

Д-97                                                                                                         Б-20296-20298

 

ЭДИЙН ЗАСАГ

Бизнесийн үнэлгээний гарын авлага /Хян. Р. Батжаргал. – УБ.: Экимто, 2010. – 210 х.

    “Хөрөнгийн үнэлгээний тухай” хууль гарсантай холбогдуулан бизнесийн үнэлгээний онол, арга зүйн чиглэлээр судалгаа хийж, түүнийг хэрэглээ болгох нь чухал шаардлагатай болжээ. Иймд энэ байдлыг бодолцож энэхүү гарын авлагыг гаргасан байна. Үүнд бизнесийн үнэлгээний үндэс, бизнесийн нөөц түүний ашиглалт, бизнесийн эдийн засгийн орчны хүчин зүйлийн шинжилгээ, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хийх санхүүгийн шинжилгээний аргачлал, бүтэц, зохион байгуулалт, удирдлагын шинжилгээний аргууд, бизнесийн үнэлгээний орлогын, өртгийн, харьцуулалтын хандлага, боловсон хүчний боломжийг үнэлэх аргууд гэх мэтчилэн эдгээр бүлгүүд тус гарын авланд багтжээ.

65.290-86

Б-47                                                 /НХШУН унш-20ш/                     Т-14216-14220 

 

Еркеш А. Нягтлан бодох бүртгэлийн үндэс: сургалтын материал. – УБ.: 2011. – 101 х.

    Энэхүү сургалтын материалд нягтлан бодох бүртгэлд баримтлах зарчмууд, тусгагдах зүйлс, данс давхар бичилтийн систем, санхүүгийн тайлангийн тухай, бүртгэлийн баланс, орлогын тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, бүртгэл хөтлөх үе шат зэрэг баримтлах түгээмэл зарчмуудыг хамруулан бичжээ.

65.052

Е-91                                                 /НХШУН унш-5ш/                      Т-14381-14385

 

Жааваа Т. Удирдлагын нягтлан бодох бүртгэл: сургалтын үзүүлбэр: бодлого, дасгал, тест /Ред. Б.Сайнжаргал. – УБ.: Принтинг, 2010. – 238 х.

    Энэ тав дахь удаагийн хэвлэсэн  гарын авлагандаа дараах өөрчлөлтүүдийг хийж, сэдэв бүрт нэмж суулгах мэдлэг, карьерүүдийг тайлбарлахын зэрэгцээ сорилго тестийг бүрэн хэмжээгээр нь шинэчилжээ. “MCS хувьсгал ба мэдлэг, карьер”, “Өртгийн удирдлагын стратеги: BSC дүрслэл, үзүүлбэр ба багийн ажил дасгал болон кейс материалыг зориуд хамруулан нийтдээ инженерчлэл, төлөвлөлт, шийд гаргалт, ситуац шинжилгээ, зах зээл, үнийн сегментчлэл, маркетингийн стратеги зэрэг өргөн хүрээтэй 13 цуврал лекц, 153 бодлого, дасгал, кейс, 1300 гаруй асуулт бүхий хяналтын тест орж өгсөн байна. 

65.052

Ж-10                                                /НХШУН унш-25ш/                   Т-14335-14339

Наранчимэг Л. Санхүүгийн тогтвортой байдлын шинжлигээний онол, арга зүйн асуудал /Б.Сайнжаргал. –УБ.: Шинрчпринтс, 2011. -163х.

Зах зээлийн нөхцөлд аливаа бизнесийн байгууллага оршин тогтнох, эсэхийн баталгаа нь үйл ажиллагааны төдийгүй санхүүгийн тогтвортой байдлаас үлэмж хамааралтай билээ. Энэхүү судалгааны бүтээлд аж ахуйн нэгжийн тогтвортой хөгжил, санхүүгийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд ба үнэлгээний арга зүйн үзэл баримтлал, эдийн засгийн хөгжлийн тогтворжилт, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйл, хэмжлийн асуудлууд, тогтвортой байдлын бодлого зохицуулалт, барилгын салбарын санхүүгийн тогтвортой байдлын төлөвшилд хийсэн судалгаа дүгнэлтүүдийн тухай өгүүлнэ.

65.49-93

Н-29                                    /НХШУН унш-7ш/                                 Б-20407-20409

Нягтлан бодох бүртгэлийн үндэс: сурах бичиг /Ред. Д. Нямаа, Л. Наранчимэг. – УБ.: Хөх судар принтинг, 2009. – 289 х.

    Тус сурах бичиг нь найман бүлэг, 24 зүйлтэй, бүлэг бүрийн эхэндээ сэдвийн товч агуулга, төгсгөлд нь хэлэлцэх асуулт, мэдлэг шалгах тест, дасгал бодлого, гэсэн зүйлтэй хийж өгчээ. Уг сурах бичгийг нягтлан бодох бүртгэлийн мэдлэг эзэмшихээр их, дээд сургуулиудад суралцаж байгаа оюутан, судлаачид, түүнчлэн  нягтлан бодогч мэргэжилтнүүд, мэргэжлээ дээшлүүлэхээр зорьж буй олон уншигч нарт толилуулж байна.

65.052я73

Н-97                                                     /НХШУН унш-15ш/                     Т-14363-14367

 

Оюун Л. Мөнгө-зээлийн бодлогын онолын үндэс: 4,5-р боть. –УБ.: 2010.

Эдийн засгийн чиглэлээр суралцаж буй оюутан сурагчдад зориулагдсан энэхүү цуврал номын эхний ботиудад “Мөнгө, мөнгөний үүсэл”, “Мөнгөний монетори онол ба Төвбанкны мөнгө зээлийн бодлого”, “Кейнсын онол ба мөнгө зээлийн бодлого” сэдвүүд орсон ба энэ удаагийн 4-р ботид “Мөнгө-зээлийн бодлогы загварууд”, 5-р ботид  “Олон улсын мөнгө-зээлийн бодлого” сэдвүүд тус тус оржээ.

65.262                                   /НХШУН унш-25ш/

О-63                                                4-р боть. -93х.                       Т-14311-14315

                                                        5-р боть. -59х.                       Т-43916-43940

Санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой заавар, журмын эмхтгэл /Эмх. Р. Батжаргал, Хян. Г. Түмэнбаяр. – УБ.: Экимто, 2009. – 600 х.

    Тус эмхтгэл нь нийт гурван бүлэгтэй. 1-р бүлэгт: Монгол Улсын хууль, 2-р бүлэгт: нягтлан бодох бүртгэл санхүүгийн холбогдолтой тогтоол, заавар, тайлан, журам,  засгийн газрын тогтоол, 3-р бүлэгт: монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс батлан гаргасан дүрэм, хөтөлбөр, журам зэрэг зүйлүүдийг эмхтгэн оруулжээ.

65.052

С-32                                                   /НХШУН унш-20ш/                    Б-20314-20318 

 

Шуман М. Гайхамшиг: Сайн сайхан амьдралын төлөөх азийн эрэлхийллийн түүх /Орч. Б.Соёлсүрэн. –УБ.: ШУТИС-ийн хэвлэх, 2010. -299х.

Майкл Шуман нь Азийн эдийн засаг, улс төр, түүхийн судлалаар мэргэшсэн Америкийн зохиолч, сэтгүүлч хүн ажээ. Түүний “The Miracle” буюу “Гайхамшиг” нэртэй энэ ном нь дайнд эвдэж сүйрсэн, үгээгүй ядуу хоосон, эдийн засгийн доройтол хоцрогдолоос богино хугацаанд дэлхий нийтэд нэр алдар нь цуурайтсан эдийн засгийн тэргүүлэх хүч болон өөрчлөгдөж байгаа Солонгос, Энэтхэг, Япон зэрэг Азийн 10-д орнуудын хөгжлийн түүхийн талаар өгүүлнэ. Уг номыг анх  2009 онд “Harber Colloins publisher” компани хэвлэн гаргаж байжээ.

65.011

Ш-90                                     /НХШУН унш-7ш/                         Т-14358-14360

 

Эрдэнэчимэг Г. БНСУ-ын эдийн засгийн тойм. –УБ.: Мөнхийн үсэг, 2010. -141х.

Монгол улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосноос хойш өдгөө 20 жил өнгөрчээ. Хоёр улсын харилцаа холбоо олон талаар өргөжин тэлж, солонгос судлалаар суралцах хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг харгалзан үзэж тэдэнд гарын авлага болгох зорилгоор толилуулж буй энэ номонд нэгэн үе олон улсад гайхагдсан эдийн засгийн өндөр өсөлтийн горыг амсан валютын хомсдолд ганхаж байсан БНСУ-ын эдийн засгийн түүх, мөн 2007 оны эцсээс эхлэн дэлхийг бүхэлд нь хамарсан эдийн засгийн хямралыг гарз хохирол багатай туулж, өнөөгийн байдлаар ОУВС-гийн үзэж байгаагаар дэлхийн хамгийн тогтвортой бөгөөд ирээдүйтэй эдийн засгийн нэгэнд хэрхэн тооцогдох болсон талаар мөн аж үйлдвэрийн хөгжлийн талаар өгүүлжээ.

65/5Сол/

Э-73                                      /НХШУН унш-7ш/                          Т-14389-14391

 

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА ДИПЛОМАТ АЛБА

 

Цолмон Д. Дипломат ёс горим, ёслол, баримт бичиг: гадаад бодлого, дипломат ажиллагааны зарим асуудал. – УБ.: Мөнхийн үсэг, 2010. – 323 х.

    Энэ бүтээл нь дипломат ажиллагаа, ёс горим, ёслолын үүсэл хөгжил шатлан дараалах ёс, эрх ямба, дархан эрх бол дипломат ёс, дипломат ёслолын ач холбогдол, түүний төрөл зүйл, ёс зүй, элчийг томилох, суух улсын зөвшөөрөл олгох, дипломат хүний үүрэг, ур чадвар, итгэмжлэх жуух бичиг барих ёс,хүлээн авалт, хоол ундны зохицолт, Өрнө, Дорнын зочлохуй ёсны хослол, хэрхэн хувцаслах, ёс зүйн санамж, танилцах нэрийн хуудас, бэлэг дурсгалын зүйлс, цэцэг өгөх, өргөх ёс, соёл, зан заншил, үг хэллэг, дипломат бичгийн төрөл зүйлс хэлбэрүүд, хурлын дипломат ажиллагаа, мэргэжлийн онцлог, гадаад бодлого, дипломат ажиллагаа залгамж, нэгдмэл шинж чанартай байх ёстой хэмээх олон нарийн ёс зарчмуудыг мэдүүлэх болно.

66.49

Ц-76                                                   /НХШУН унш-7ш/                    Б-20301-20303          

 

Цолмон Д. Туулсан замын түүхэн сургамж. – УБ.: Мөнхийн үсэг, 2010. – 344 х.

     Олон улсын харилцааны мэргэжилтэн, америк судлаач доктор, профессор Д. Цолмон өөрийн бага нас, оюутан ахуйн дурсамж болоод тив дэлхийн улс үндэстнүүдийн түүх соёл, тэдний онцлогийг нүдэээр үзэж, судлаад энэхүү номоо бүтээжээ.

66.4г

Ц-76                                                /НХШУН унш-3ш/                       Б-20299-20300

 

Цолмон Д. Эх оронч дипломат. – УБ.: Мөнхийн үсэг, 2010. – 71 х.

    Профессор Цолмон энэхүү номоо Монголын дипломат албаны 100 жил, эх орон, эх нутаг үндэсний эрх ашгаа хамгаалан тэмцсэн Содномын Аварзэдийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан түүний тухай “Эх оронч дипломат” ном бичиж  уншигчдадаа хүргэж байна.

66.49/1/

Ц-76                                               /НХШУН унш-7ш/                        Б-20304-20306

 

УЛС ТӨРИЙН НАМ

 

Монгол ардын намын түүх. 1-7 боть. –УБ.: 2011.

Монгол Ардын Намаас  90 жилийн түүхт ойгоо угтаж “Монгол ардын намын түүх”-ийн 9 боть номыг бичих ажлыг эхлүүлжээ. Эрдэмтэн мэргэдийн энэхүү судалгааны бүтээлээс нэгэн зууны түүх, тусгаар тогтнолын үнэ цэнэ, хөгжлийн их бүтээн байгуулалт, Монгол хүний хөгжил, улс орныг удирдан жолоодохын хичээл зүтгэл, алдаа оноо, ололт амжилтыг танин мэдэх боломжтой. Энэ удаад 1-7-р ботийг толилуулж байна. 1-р ботид Монголд улс төрийн нам үүсэх урьдчилсан нөхцөл бүрэлдсэн, нууц бүлгүүд үүссэн, МАН-ын үйл ажиллагаа, монголын хувьсгалын өрнөл ялалтын тухай орсон ба дараагийн ботиудад үйл явдалыг он дараалалаар нь оруулж өгчээ.

66.61/1/                                     1-р боть. -212х.                                 Т-14322

М-69                                         2-р боть: 1921-1928 он. -267х.         Т-14323

                                                  3-р боть: 1929-1939 он. -262х.         Т-14324

                                                  4-р боть: 1940-1945 он. -278х.         Т-14325

                                                  5-р боть: 1946-1953 он. -246х.         Т-14326

                                                  6-р боть: 1954-1965 он. -234х.         Т-14327

                                                  7-р боть: 1966-1983 он. -310х.         Т-14328

ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙ

 

Амаржаргал П, Оюунтунгалаг Ж. Олон улсын эдийн засгийн эрх зүй /Хян. Т. Мэндсайхан. – УБ.: 2004. – 192 х.

    Олон улсын эдийн засгийн харилцаа тэлж, олон талтай болохын хэрээр түүний эрх зүйн зохицуулалтын асуудал чухлаар тавигдаж, ихээхэн ач холбогдол өгөх болсон. Иймд олон улсын эдийн засгийн эрх зүйг судлах, хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Уг сурах бичигт олон улсын эдийн засгийн эрх зүйн зохицуулалтын хамгийн ерөнхий асуудлууд болох эрх зүйн эх сурвалж, оролцогчид, тэдгээрийн эрх зүйн байдал, олон улсын эдийн засгийн аюулгүйн байдал, түүнчлэн олон улсын эдийн засгийн эрх зүйн тусгай салбаруудыг тусган системчлэн харуулжээ.

67.402

А-51                                                /НХШУН унш-6ш/                          Б-20441-20443

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ

 

Оюутны эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл: № 13/21/. –УБ.: 2010. -375х.

МУИС-ийн сургууль, факультетээс оюутнуудын шалгарсан илтгэлүүдийг жил бүр эмхэтгэн гаргадаг ба энэ жилээс эхлэн товчлолыг англи хэл дээр оруулж байна. Энэ удаагийн дугаарт цахим туслах, хими, математик, хэл шинжлэл, монголчуудын хүн шинжих ёс, солонгос монгол хэлний ураг төрлийн нэр, мансууруулах бодис, орчны ня-бо бүртгэл, барилга угсралтын зөвшөөрөл олгох, ердийн даатгал, гурван хэмжээст биет, лактозаас лактулозыг изомержүүлэх, адууны ген, инээд, бугын эвэр, герман хэл, инноваци тогтолцоо, төр хувийн хэвшлийн түншлэл, нийгмийн даатгал, аж ахуйн нэгж байгууллагуудын холбогдолтой өгүүлэлүүд оржээ.

72

О-63                                 /НХШУН унш-1, БШУН унш-1ш/            Б-20395-20396

 

Эрдэм шинжилгээний бичиг: Философи, шашин судлал. № 336/60/. –УБ.: МУИС-ийн хэвлэх, 2010. -228х.

МУИС-п философийн салбар нээгдсэний 45 жилийн ойд зориулан гаргасан энэ дугаарт формал сэтгэлгээ, хүн яаж үүссэн, Сүнзийн дайтахуйн ухаан, Хөх судар, менталлист хэмээх ойлголт, нийгмийн философи, функционализм, бие хүнийн талаархи философи баримтлал, Европын соён гэгээрүүлэгчид, үндэстний соёл, гавж Лувсандорж, католик ба үнэн алдрын шашин, төв үзлийн шастар, монгол уншлага судлал, шашин хоорондын хариуцлага, цам бурханы шашин, буддын ба өрнийн философийн үзэл, шашныг ангилах тухай өгүүллүүд оржээ. 

72

Э-73                                  /НХШУН унш-1, Лавл-1ш/                         Т-14321

Эрдэм шинжилгээний бичиг №341: МУИС, НШУС, Боловсрол судлал1. – УБ.: МУИС-ийн хэвлэх, 2010. – 157 х.

   Энэхүү сэтгүүлийн дугаартаа боловсрол, сургалт, заах арга зүй, сэтгэл судлалын талаарх их, дээд сургуулиудын багш нарын бичсэн судалгааны ажлын бүтээлүүдээс оруулжээ.

72

Э-73                                  /НХШУН унш-2,Лавл-1ш/                    Т-14206-14207

 

БОЛОВСРОЛ СУДЛАЛ

 

Зарлеталова Я. Сурган хүмүүжүүлэх сэтгэл зүйн албан ёсны оношилогоо /Хян. Г. Сарантуяа. – УБ.: Мөнхийн үсэг, 2010. – 74 х.

    Энэ номын гол зорилго бол сурган хүмүүжүүлэх сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвүүдийн албан журмаар тогтоодог оношийн тухай тоймыг бүрдүүлэх, эдгээр онош дээр тулгуурлан явуулах сэтгэл зүйн үзлэгийн дарааллыг тодорхойлох, тохирох арга техникийг сонгох явдалд оршино.

74.6

З-29                                                                                                       Т-14214-142-15

 

Цэдэвсүрэн Н. Монгол улсын ерөнхий боловсролын сургалтын орчны хөгжлийн тулгамдсан асуудлууд /Хян. Ч. Пүрэвдорж, Ш.Шагдар. –УБ.: Стартлайн, 2010. -162х.

Энэ номонд ерөнхий боловсролын сургалтын орчны арга судлалын үндэслэл, загвар, ерөнхий боловсролын агуулгын шинэчлэл, сургалтын технологийн шинэчлэл, багш сурагчдын харилцааны орчны уламжлал, шинэчлэл, сургалтын бүтээгдэхүүний  уламжлал, сургалтын орчны судалгаа үнэлгээ, үнэлэх шалгуур үзүүлэлтүүд боловсруулах тухай өгүүлжээ. Энэхүү судалгааны нэг сэдэвтэй бүтээл нь уншигчдад сургалтын орчны талаар системтэй мэдлэг, мэдээлэл өгөхөөс гадна ЕБС-ийн сургалтын орчинд үнэлгээ өгөх шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлоход гарын авлага болж өгөх ажээ.

74.2/1/

Ц-93                                        /НХШУН унш-3ш/                            Т-14361-14362

 

Шагдар Ш., Батсайхан Б. Монголын боловсролын түүх. 3-р боть: 1921-1991. Архивын баримт бичгийн эмхэтгэл /Ред. Ж.Болдбаатар. –УБ.: Стартлайн, 2010. -524х.

Монголын боловсролын түүхийг өгүүлсэн энэхүү цуврал номын 3-р ботид монголын боловсролын түүхэнд холбогдох 1921-1991 оны архивын баримт бичиг болох гэрээ-бичгүүд, хурлын тогтоол, тушаал, дүрэм, журам, заавар болон бусад бичиг баримтуудыг бүрэн эхээр нь он дарааллаар оруулж өгчээ. Энэ ном нь монголын боловсролын түүхийг судлагч нийт уншигчдад зориулагджээ.

74/1/

Ш-15                                         /НХШУН унш-15ш/                        Т-14340-14344

 

СЭТГҮҮЛ ЗҮЙ

 

Болд-Эрдэнэ Б. Интернет сэтгүүлзүй /Хян. Ч. Чойсамба. – УБ.: Одсар Инк, 2009. – 172 х.

    Интернет сэтгүүлзүй бол даяаршсан харилцаа, хийбэр бичиглэл /гипертекст/, виртуал ертөнцийг нэгтгэсэн цогц тогтолцоо юм. Уншигч та интернет сэтгүүлзүйн ойлголтын тухай энэхүү номноос тодорхой мэдэж авах  боломжтой.

76.01

Б-54                                                  /НХШУН унш-7ш/                     Б-20430-20432

 

Болд-эрдэнэ Б., Өнөрбаяр Г. Төрийн байгууллагын мэдээлэл харилцаа: Гарын авлага /Ред. М.Зулькафиль. –УБ.: “ZDM”, 2011. -173х.

Энэ номонд төрийн мэдээллийн ажил бол бие даасан мэргэжил, үнэ цэнэтэй хөдөлмөр, зүй зохисоор нь хөгжүүлбэл хамгийн үр нөлөө бүхий эрх мэдэл, засаглалын хэлбэр болохыг тодотгож., хэрэглэгчилд, мэдээллийн орон зай, үйл явц, ОНМХ бизнес болох нь, судалгаа мэдээллийн үйл явцын хэсэг болох нь, мэдээллийн харилцаа хүрээ, дүрст мэдээлэл, хандлага, нэр хүнд, сөрөг хандлага, хүчний байгууллага болон төрийн, эдийн засаг санхүүгийн салбарын мэдээллийн ажил, мэдээллийн дайны тухай дэлгэрэнгүйгээр өгүүлжээ. Хэвлэлийн төлөөлөгч, ажилтан, олон нийттэй харилцах албаныхан болон оюутан сурагчдад гарын авлага болох ажээ.

76.01

Б-54                                        /НХШУН унш-3ш/                          Т-14396-14397

 

Дашдондов Ц. Бийрээр бичсэнийг балтаар цавчсан ч үл балармой-Ш /Ред. Б.Батцэцэг., Б.Дариймаа.  –УБ.: Мөнхийн үсэг, 2010. -185х.

Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Ц.Дашдондовын энэхүү ном нь “Бусдын тухай миний өгүүлэх нь”, “Миний тухай бусдын өгүүлэх нь” гэсэн 2 бүлэгтэй. Эхний бүлэгт эмч Бүлтэн, сэтгүүлч Балдорж ба Б.Номин , доктор профессор Чой.Лувсанжав зэрэг зарим нэг хүний тухай Ц.Дашдондов гуай юу бодож санаж явдаг тухай өөрийн санаа оноог бичсэн бол дараагийн бүлэгт түүний тухай сэтгүүлч, эрдэмтэдийн бодож явдаг бодол санаа оржээ. Мөн орчин үеийн сэтгүүл зүй, толь бичиг судлалын талаарх өгүүллүүдийг хавсралт болгожээ.

76.01

Д-39                                          /НХШУН унш-3ш/                           Б-20453-20454

 

Зулькафиль М. Сэтгүүл зүйн онолын үндэс: Нэмж зассан 3 дахь хэвлэл. –УБ.: 2011. -402х.

Их дээд сургуулийн сэтгүүлчийн ангийн оюутан, магистрантуудад зориулсан энэхүү сурах бичиг нь 2000, 2004 онд хэвлэглэн гарсан ба энэ удаад номонд орсон зарим баримт материалыг шинэчилж, сэтгүүл зүйн хөгжлийн явцад гарсан шинэлэг хандлага, нэр томъёог тусгаж өгчээ.

76.01

З-81                                        /НХШУН унш-15ш/                          Б-20436-20440

 

Зэвсэг С. Үзэг цаас хоёр минь. – УБ.: Соёомбо принтинг, 2010. – 531 х.

    Зохиолч энэхүү номондоо өөрийн уран зохиол оролдож, сонин хэвлэлд нийтлэл бичиж эхэлснийхээ 40 жилийнхээ ойд зориулан бичжээ. Үүндээ оюутан цагийн сонин хачин, улсад хөдөлмөрлөж эхэлсэн, түүний дотроос Дундговь аймгийн Баянжаргалан суманд томилогдон очиж, сургуулийн захирал дараа нь намын ажил хийж байсан цаг үе, сэтгүүлчийн мэргэжил эзэмших, сэтгүүлчийн ажил хийх гэж мөрөөдөж явсан өдөр хоногууд, хүсэл мөрөөдөл болсон хэвлэл, мэдээллийнхээ ажилд зүтгэсэн он жилүүд, олон жил газар газар ажиллаж амьдарч явахад тохиолдсон элдэв үйл явдал, уулзаж учирч, ярьж хөөрч, хамтран ажиллаж байсан янз бүрийн хүмүүсийн тухай болоод монголын сэтгүүлзүйн амьдралын төрх байдал, сэтгүүлчдийн ажил амьдрал, уран бүтээл, тэр бүхнээ илэрхийлжээ.

76.01

З-94                                                                                                         Б-20291-20292 

 

Норовсүрэн Л, Ариунзаяа Н. Радио сэтгүүл зүйн үндэс /Ред. М. Зулькафиль. – УБ.: МУИС-ийн хэвлэх, 2010. – 380 х.

    Энэхүү бүтээлд радио сэтгүүлийн түүх, радио сэтгүүл зүйн үүрэг, радио сонсогч ба түүний судалгаа, радио сэтгүүл зүйн дүрслэх хэргэлүүр, радио сэтгүүлчийн хөдөлмөр ба арга зүйн үндсүүд, радио нэвтрүүлгийн төрөл, зүйлийн тухайг тус тус багтаан өгчээ.

76.01

Н-74                                               /НХШУН унш-7ш/                        Б-20433-20435

 

Пүрэв Жа. Бодлын цэнхэр харгуй /Ред. П.Тамара. –УБ.: Согоонуур, 2011. -404х.

Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Жадамбын Пүрэвийн “Бодлын цэнхэр харгуй” ном нь ярилцлага, хөрөг найруулал, зохиогчид уншигчдаас ирүүлсэн захидал зэргээс бүрджээ. Төрийн тэргүүн асан Ю.Цэдэнбал, зохиолч Ш.Сүрэнжав, нисгэгч Ж.Гүррагчаа нартай хийсэн ярилцлага, их эмч Хайрулла, оточ Р.Пүрвээ, Б.Бааст, Д.Энэбиш, Т.Ганди, А.Зумаа зэрэг шинжлэх ухааны салбар бүрийн төлөөлөгчидийн тухай хөрөг зургууд оржээ.

76.01

П-91                                         /НХШУН унш-3ш/                             Т-14400-14401

ХЭЛ ШИНЖЛЭЛ

 

Батжаргал Ц. Хятад-Монгол хэлцийн толь /Ред. Б. Төгсжаргал. – УБ.: 2010. – 270 х.

    Энэхүү толийг хятад хэлийг судлан суралцагч, эрдэмтэн мэргэд, оюутан залуус та бүхэндээ зориулж монголд анх удаагаа орчуулан гаргаж байна.

81.2Хят-4

Б-16                                                  /НХШУН унш- 7ш/                    Б-20446-20448

 

Балжинням Н. Монгол хэлний хятад ормол үгийн судалгаа: Хятад-монгол-орос-англи /Ред. Т.Чахар. –УБ.: “Удам соёл”, 2011. -82х.

Хятад ормол үг маш өргөн хэрэглээтэй учир монгол үгнээс бараг ялгагдахааргүй болжээ. Энэхүү судалгаанд түүхийн харилцан адилгүй цаг үед монгол хэлний үгийн санд орж идээшсэн 400 гаруй хятад ормол үгийг түүвэрлэн нарийвчлан авч үзсэн ба үг тус бүрт ханз, латин галиг, монгол үсгийн бичлэг, орос, англи орчуулгыг дагалдуулж., удиртгал, утгын ангилал, толь бичиг гэсэн 3 бүлэгт хувааж авч үзжээ.

81.2Мон-4

Б-22                                         /НХШУН унш-7ш/                            Б-20399-20401

 

Бигэрмаа Р. Эко-хэлшинжлэл ба тогтвортой хөгжихүйц англи хэлний боловсрол /Хян. Б. Тунгалаг. – УБ.: 2010. – 80 х.

    Тус ном нь “Тогтвортой хөгжлийн боловсрол, эко-хэлшинжлэлийн талаарх онол арга зүйн үндэс”, “Тогтвортой хөгжил-эко хэлшинжлэлийн үзэл баримтлалыг англи хэлний сургалтад нэвтрүүлэх жишээ” гэсэн үндсэн хоёр бүлэгтэй. Дэлхий нийтээр яригдаж буй тогтвортой хөгжлийн боловсролын тухай үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэхэд хэл болоод хэл шинжлэлийн шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг, байр суурийг тодорхойлохыг зорьж, эко-хэлшинжлэлийн үндсэн ойлголт, асуудлыг хөндсөн нь онол-практикийн хувьд шинэлэг болж өгчээ. Энэ нь судалгаа хийж буй судлаач, оюутнуудад гарын авлага болох ажээ.

81

Б-46                                                 /НХШУН унш- 15ш/                  Б-20307-20311

 

Долгормаа Ж. Англи хэлний 1500 сорилго /Хян. Д. Лэмбэрт. – УБ.: Удам соёл принт, 2011. – 310 х.

    Англи хэлний энэхүү сорилго нь 3 хэсгээс бүрдэнэ. 1-р хэсэгт: англи хэлийг анхан, дунд, дундаас дээш шатанд судалж буй сурагчдад эзэмшүүлбэл зохих зохих дүрэм, шинэ үгүүдийн холбоо үг, өгүүлбэрүүдийг, 2-р хэсэгт нь: уншиж ойлгох, орчуулах чадварыг нь дээшлүүлэх, үгийн санг нь нэмэгдүүлэх зорилгоор бичвэрүүдийг, 3-р хэсэгт нь: шинээр нэмж англи хэлний дүрмийн тайлбаруудыг тус тус оруулж өгчээ. Энэ сорилгоо бүхий л оюутан, сурагчид болоод олимпиад, их, дээд сургуульд элсэгчдийн англи хэлний ерөнхий мэдлэгийн шалгалтанд бэлтгэгчдэд зориулан гаргажээ.

81.2Анг

Д-46                                                /НХШУН унш-3ш/                       Б-20444-20445

 

Ням-осор Н., Өлзийсүрэн Б. Монгол хэлний зүйр, цэцэн үгийн товч тайлбар толь. Түмэн толгой үг /Хян. Г.Дамба. –УБ.: 2011. -646х.

Энэ толь бичигт 10 000 гаруй зүйр, цэцэн үгийг сонгож, А-Я үсгээр байрлуулж толгой үг тус бүрд утгын товч тайлбар хийжээ. Тайлбарт гол агуулгыг тодорхойлох, үгийн гарал, үүссэн түүхэн учир шалтгаан, салаалсан буюу хуучирч утга бүрхэг болсон зүйлүүдийг тодруулж өгчээ.

81.2Мон-4

Н-98                                                                                                    Т-14398-14399

УРАН ЗОХИОЛ

 

Болормаа Г. Сэрүүн зүүдний амраг: эссэ, өгүүллэг, жүжиг /Ред. С. Пүрэв. – УБ.: Хөх судар принтинг, 2009. – 90 х.

    Зохиолч, сэтгүүлч Г. Болормаагийн энэхүү номонд монгол ахуй, монгол хүний ухаалаг уужим амьдралын сэдэвт өгүүллэг оржээ. Хүн байгалийн харьцаа, амьд амьтны зөн совин, үр төлөө үлдээх гэсэн тэмцлийн сэдэвт “Өшрөл”, “Ирвэс”, “Хээрийн амьтан”, зэрэг өгүүллэгүүд, эх үрсийн элбэрэлийн тухай өгүүлсэн богино эссэ зэргийг уншсан хэнд боловч ухаарал хайрлах нинжин сэтгэгдэлийг төрүүлнэ.

84/1/2-44

Б-55                                                                                                       Б-20427-20429

 

Зэвсэг С. Уул өвгөд хоёр минь:дурсамж,эссэ /Ред. Д. Нямаа. – УБ.: Өнгөт хэвлэл, 2004. – 334 х.

    Сэтгүүлч, зохиолч С. Зэвсэг далаад оноос мэдээ, сурвалжлага бичиж улмаар сурвалжилсан тэмдэглэл, найруулал, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, ярилцлага, хөрөг тэмдэглэл зэрэг сэтгүүл зүйн бичлэгийн бүхий л төрөл жанраар идэвхитэй бичсэн туршлагатай сэтгүүлчийн нэг юм. Зохиогч маань номондоо сэтгэлд хоногшиж мөнхөрсөн бодол дурсамж, тэмдэглэлээ улам гүнзгийрүүлэн бичсэн нь уншигчдын сонирхолд нийцэж мэдлэг болоод танин мэдэхүйн олон мэдээлэл өгч чадах ажээ.

84/1/2

З-94                                                                                                       Б-20290 

 

ДУУ ХӨГЖИМ СУДЛАЛ

 

Дарамзагд Г. Монголын сайхан орон /Ред. Г. Амар. – УБ.: Спийдвей, 2011. – 494 х.

    Монголын хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтэн хөгжмийн зохиолч, нийтийн дууны их мастер Гончигдамбын Дарамзагдын 80 насны ойд зориулан “Монголын сайхан эх орон” хэмээх дууны түүвэр-дурсамж номонд аавынхаа зохиосон олон зуун дуунаас 108 дууг олж эмхэтгэн гаргажээ.

85.319/1/

Д-33                                               /НХШУН унш-7ш/                        Т-14355-14357   

 

ШАШИН СУДЛАЛ

 

Баясгалан Ш. Арван хангал бурхадын тахилга: Их Юань гүрнээс ХХI зуун. –УБ.: 2011. -421х.

Бурханы шашныг шимтэн сонирхогч уншигч та бүхэндээ Төвд Монголд дэлгэрсэн Гэлүгва ёсны арван догшин бурхадын намтар, түүхийг олон талаас нь танилцуулсан энэхүү номыг толилуулж байна. Энд өгүүлж буй арван бурхадын тахилга Монгол оронд хамгийн түгээмэл дэлгэрч байсан төдийгүй монголчууд тэдгээр бурхадыг шүтэн биширч, дотоод сэтгэлээ ариунаар хадгалж, улмаар төгс төгөлдөр гэгээрэлд хүрч байсан түүхтэй.

86.35

Б-38                                                                                                        Б-20392-20394

 

ГҮН УХААН, ФИЛОСОФИ, ЁС ЗҮЙ

Академич Содномжамцын Норовсамбуу /1930-2008/ /Эрх. Г.Лодой, Р. Дарьхүү. – УБ.: Бит пресс, 2010. – 250 х.

    Монгол Улсын Гавьяат багш, академич С. Норовсамбуугийн мэндэлсний 80 насны ойн жил, МУИС-д философийн салбар анх нээсний 45 жилийн ой энэ бүхнийг тохиолдуулан гаргажээ. Академич С. Норовсамбуу нь монголд төдийгүй олон улсад нэр хүндтэй эрдэмтэн байжээ. Ялангуяа манай улсад философи, социологи, улс төр судлал, шашин судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, эдгээр салбарын сургалт, судалгааны ажлыг удирдан зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн багш хүн байсан юм. Энэ номонд түүний амьдрал, үйл ажиллагаа, илтгэл, өгүүлэл, тэмдэглэл, эрдэмтэд, анд найз, шавь нарын дурсамж зэргийг оруулж өгчээ.

87г

А-39                                                /НХШУН унш-3ш/                      Т-14394-14395

 

Алтантуяа Ц., Энхцогт Н. Философи дахь гайхамшигт 50 санаа: Философийн түүхийн сэдвүүд /Хян. Б.Бадарч. –УБ.: “Удам соёл”, 2011. -250х.

Энэ номонд уншигчдад маш сонин, ашигтай байж болох бүхий л цаг хугацааны үеийн философийн алдартай санаа, бодлуудыг тусгажээ. Пифагор, Аристотель, Фома, Гераклит, Фрейд, Спиноза, Шопегуэр, Декарт, Гоббс, Ницще, Бердяев, Фромм, Хайдеггер, Кант болон бусад философийн алдартай сэтгэгчдийн амьдралыг товч өгүүлэхдээ тэднийг зөвхөн бодож, сэтгэгч бус бас мэдрэгч, шаналагч, сэтгэлийн хөдөлгөөнтэй амьд хүн гэдэг талаас нь харуулжээ.

87

А-48                                         /НХШУН унш-3ш/                               Б-20397-20398

 

Оюунчимэг Б. Бизнесийн ёс зүй. – УБ.: Бодьмөр принтинг, 2011. – 284 х.

    Ёс зүй нь нийгэм-хүмүүнлэгийн аль ч ухаанаас илүүтэйгээр нийгмийн амьдрал, хүний үйлдэл, үйл ажиллагаа, харилцаатай нягт холбогддог онцлогтой. Ёс зүйн суурь мэдлэг эзэмшээгүй мэргэжилтэнүүд л ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, ёс суртахууны алдаа гаргаж байдаг. Хүмүүс мэргэжлийн алдаанаас илүүтэйгээр ёс суртахууны алдаа гаргадаг нь амьдрал практикаас ажиглагддаг. Энэ сурах бичигт нь ёс зүйн сэтгэлгээний үүсэл, хөгжлийн түүх, ёс зүйн шинжлэх ухаан, түүний категорууд, бизнесийн ёс зүй, бизнесийн нийгмийн хариуцлага, мэргэжлийн болон хэрэглээний ёс зүйн тухай тус тус өгүүлнэ.

87.75я73

О-63                                                /НХШУН унш-2ш/                        Б-20424-20426

 

Радугин А.А. Гоо зүй: сурах бичиг /Орч. Ц.Алтантуяа, Н.Энхцогт, Хян. Б.Бадарч. – УБ.: Удам соёл, 2011. – 133 х.

    Энэхүү сурах бичгийг оюутан суралцагчдын хэрэгцээнд дахин шинэ агуулга, утга санааг нэмэн хоёр дахь хэвлэл болгон хүргэж байна.

87.8я73

Р-15                                                 /НХШУН унш-3ш/                      Б-20402-20403

 

Философийн салбар 45 жилд: түүхэн тэмдэглэл, дурдатгал, дурсамж /Хян. Р. Дарьхүү. – УБ.: Соёомбо принтинг, 2010 х.

    МУИС-д анх 1965 оны намар байгуулагдсан философийн салбар нь НШУС-ийн ууган салбаруудын нэг бөгөөд оюутан элсүүлж, сургалт явуулж эхэлснээс хойш 45 жил болж байна. Тус салбарын багш нар болон төгсөгчид, УИХ-ын гишүүн, төрийн дээд байгууллагад дарга, мэргэжилтэн, их, дээд сургуулийн захирал, багш, компанийн захирал, төрийн болон төрийн бус байгууллагын менежер, дунд сургуулийн багш зэрэг олон төрлийн хариуцлагатай ажил эрхэлж, амжилт бүтээлээр дүүрэн  ажиллаж байгаа. Тийм учраас энэхүү бүтээлдээ манай философийн салбарт ажиллаж байсан ба одоо ажиллаж байгаа багш, ажилтнууд, үе үеийн төгсөгчдийн бүтээлч хөдөлмөрийн түүхийг багтаан оруулж өгчээ.

87

Ф-56                                                 /НХШУН унш-3ш/                      Т-14392-14393

 

“Философи: онол, практик” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал:  2010 оны 11 сарын 22. /Эмх. Р.Дарьхүү, Т.Дорждагва. –УБ.: 2010. -281х.

МУИС-ийн НШУС-ийн философийн салбарын 45 жилийн ойн хүрээнд энэхүү хурлыг зохион байгуулсан бөгөөд энэ хуралд философи гэж юу болох, Өвөр монголын тал нутгийн соёл судлал, философийн боловсролын тулгамдсан асуудлууд, ёс зүйн сургалтын өнөөгийн байдал, хэлний болон соёлын суурь онтологи асуудал, соёлын философи, монголчуудын уламжлалт сэтгэлгээн дэх арга билгийн сургаал зэрэг илтгэлүүд тавигдсаныг эмхэтгэн толилуулж байна.

87

Ф-56                                          /НХШУН унш-3ш/                              Б-20451-20452

 

Хавх Н. Диалектик хийгээд арга билгийн сэтгэлгээ. Буддын болон өрнийн сурганы шүтэлцээ /Ред. Р.Дарьхүү, Х.Цолмон. –УБ.: Битпресс, 2010. -496х.

Энэхүү ном нь “диалектик хийгээд арга билгийн сэтгэлгээ”, “буддын болон өрнийн сурганы шүтэлцээ” гэсэн 2 дэвтрээс бүрдэх ба 1-р дэвтэрт диалектик хийгээд арга, билгийн сэтгэлгээнд арга, билгийн сэтгэлгээг хавтгайн геометрийн загварт оруулан дэлгэрэнгүй өгүүлсэн бол 2-р дэвтэрт буддын болон өрнийн сурганы шүтэлцээнд буддын хийгээд өрнийн сурган хүмүүжүүлэх ухаан, боловсролын агуулгыг шүтэлцүүлж хүнд мэдлэг олгодог төдийгүй сэтгэлийг нь засаж төлөвшүүлдэг сурган, боловсролын  сургаалийг бий болгож болох тухай өгүүлжээ.

87.22

Х-12                                           /НХШУН унш-3ш/                           Б-20449-20450

 

СЭТГЭЛ СУДЛАЛ

 

Бассет Л. Сандарч балмагдах, айх, уурлах, бухимдах, сэтгэл хямралаас сэргийлэх арга /Орч. Ч.Алтангэрэл. –УБ.: Соёмбопринтинг, 2011. -208х.

Хэрэв та ихээхэн хямарч, айдас түгшүүр, сандарч тэвдэхээсээ ангижирч, тэдгээрийн хүчийг өөртөө ашигтайгаар эргүүлэхийг хүсч байгаа бол энэ номыг уншсанаар, энэ ном урьд нь 15 сая хүнд тусалсан шигээ таньд ч бас туслах болно. Сулбагар байдлыг хүч чадал болгон хувиргах, өөртөө хариуцлага хүлээх замаар сэтгэл хөдлөлийн болон түгшүүрийн аливаа хямралаас ангижирч бүрэн эрүүлжүүлэхэд энэ номын утга орших ажээ.

88.5

Б-32                                            /НХШУН унш-7ш/                              Б-20404-20406

 

Уранцэцэг Л. Харилцааны сэтгэл судлал. – УБ.: Тоонот принт, 2010. – 160 х.

    Тус номонд харилцааны сэтгэл зүйн асуудлыг онол ба практик хэрэглээ, дасгал сургуулиудыг хослуулж бичжээ. Энэ ном нь сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлаач, нийгмийн ажилтан, оюутан, сонирхсон хэн бүхэнд зориулагдана.

88.53

У-45                                                  НХШУН унш-7ш/                      Б-20293-20295

 

НЭВТЭРХИЙ ТОЛЬ БИЧИГ

 

Монголын үндэсний нэвтэрхий толь: 3 боть /Эрх.хэв. Б.Чадраа.  –УБ.: 2009.

Анх 2000 онд хэвлүүлсэн “Монголын нэвтэрхий толь” 2 боть номын үндэс суурин дээр бичигдсэн энэхүү 3 боть нэвтэрхий тольд хүн бүр мэдвэл зохих эх орны болон даян дэлхийн зүйл бүрийн юмсын тухай 2700 орчим тайлбар мэдээ мэдээлэл, өнгөт зураг, 80 гаруй хавсралт зургийг нэмж оруулжээ. Энэ нэвтэрхий тольд монголын байгаль, экологи, уур амьсгал, геологи, түүх, угсаатан судлал, иргэншил, эдийн засаг, хууль эрх зүй, тайлбар лавлагаа, дэлхий улс орнуудын газар зүй, танилцуулга, Монголын хаад, ноёд, төрийн зүтгэлтэн, нэрт эрдэмтэд, зохиолчид, хөдөлмөрийн баатар, төрийн шагналтнуудын товч намтарын тухай өгүүлнэ.

92/1/                             /НХШУН унш-2, Лавл-1ш/

М-69                                        Боть 1: А-З. -695х.                              Т-14329-14330

                                                 Боть 2: И-С. -624х.                             Т-14331-14332

                                                 Боть 3: Т-Я. -708х.                              Т-14333-14334

АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ НОМ

 

Proceedings of 1st Franco-Mongolian Workshop on Material Science: theoretical and Experimental Aspects /Edited by. N. Tsogbadrakh. – UB.: 2010. – 143 p.

22.637

P-93                                                                                                         12810-12814

 

 

 

 

 

You must be a registered subscriber in order to view this Article.
To learn more about becoming a subscriber, please visit our Subscription Services page.

Нийтэлсэн: Ariuntsetseg .
Огноо: 11.03.23
Уншсан: 3135

Буцах
Error Ноцтой алдаа.
Error: Unable to load the Article Details page.